LAN (Local Area Network) Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш тооны компьютерүүд, сүлжээний бусад төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг. Компьютерүүдийг дотоод сүлжээнд холбосноор төхөөрөмжүүдийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх сүлжээний програмууд болон серверт хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг асар олон боломжтой. LAN сүлжээ нь бусад өргөтгөсөн сүлжээний үндсэн нэгж болдогоороо онцлогтой. Дотоод сүлжээнд холбох компьютер, бусад төхөөрөмжүүдийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгүй байдаг бөгөөд нэг сүлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илүү компьютер холбосон байх жишээтэй. Холболтын сувгийн мэдээлэл дамжуулах хурд нь 10Mbps-1000Mbps байдаг. Дотоод сүлжээнд дараах үйлчилгээнүүдийг явуулах боломжтой. 1.Файл сервер 2.Принтер сервер 3.Өгөгдлийн сангийн сервер 4.Холболтын серверүүд 5.Хэрэглээний серверүүдийн үйлчилгээ явуулах боломжтой. Дотоод сүлжээнд дараах технологиудыг ашигладаг. 1.Ethernet 2.Token ring 3.FDDI 4.ARCNET 5.ATM LAN сүлжээний нилээд өргөн тархсан хэлбэр нь IEEE 802.3 стандартын Ethernet технологи юм. WAN (Wide Area Network). Энэ нь сүлжээний хэрэгчлэгчид болон LAN сүлжээнүүдийг нэгтгэсэн цогцолбор сүлжээ юм. WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс хамрах хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сүлжээнд холбогдсон компьютерүүд нь сүлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу түрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын мэдээллийг хүлээн авагч бүхий тусгай тавган антены аль нэгийг нь ашигладаг. WAN нь хувьчлагдсан ба түрээслэгдсэн байж болно. WAN сүлжээн дэх компьютерүүд нь өөр хотууд өөр улсуудад оршиж чаддаг бөгөөд глобаль сүлжээгээр дамжих мэдээлэл нь урт замыг туулна. Энэ сүлжээний нэг жишээ нь Интернет. MAN (Metropolitan Area Network) MAN сүлжээ нь газар зүйн хамрах хүрээгээрээ LAN сүлжээнээс харьцангуй том боловч WAN сүлжээтэй харьцуулахад жижиг юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг том сүлжээ байх бөгөөд аль нэг хот дахь хэд хэдэн дотоод сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь өндөр хурдын холболттой байх бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан байдаг. PAN (Personal area network) Тухайн компьютер телефон утас болон дижитал гэх мэт төхөөрөмжүүд ашиглаж байгаа, ганц хувь хэрэглэгчид зориулагдсан бол түүнийг PAN гэнэ. Тэдгээр төхөөрөмжүүд нь хүний хүсэлтэнд хариулт өгдөг учраас сүлжээ гэж үзэж болох юм. Энэ үед төхөөрөмжүүд маань компьютерт Bus загвараар холбогдоно. Wireless personal area network (WPAN) нь IrDA болон Bluetooth технологийг ашигладаг. CAN (Campus Area Network) 2 буюу хэд хэд LAN сүлжээ газарзүйн мужлалын хувьд нэг дор байрлаж байгаа бол түүнийг CAN гэнэ. CAN нь хязгаарлагдмал бөгөөд MAN-аас бага хэмжээтэй. Networknet Сүлжээнүүдээс үүсгэсэн сүлжээг networknet гэнэ. Internetwork Олон улс дамнасан сүлжээг internetwork гэнэ. II СҮЛЖЭЭНИЙ ДИЗАЙН. NETWORK DESIGN ESSENTIALS Сүлжээний компьютерүүдийн хоорондын зай, орчин нөхцөл, суваг нэвтрүүлж хэрэгжүүлэх, мөн сүлжээний ажиллах хурд зэрэг нь түүний байрлалаас хамаарна. Сүлжээний үндсэн гол байрлал нь сүлжээний загварын хувьд чухал суурь ойлголт болно. Компьютерийн сүлжээг үүсгэхдээ сүлжээний байрлалыг сонгох нь хамгийн чухал асуудлын нэг бөгөөд тоног төхөөрөмжөөс шалтгаалан зөв байрлалыг сонгох хэрэгтэй. Энэ нь сүлжээний техник хангамжууд төдийгүй тэдгээрээс хамааран зөв холболт хийх хэрэгтэй гэсэн үг юм. Сүлжээний байрлал нь зөвхөн физик шинж болох компьютер кабель биш өөр бусад нөөц баялагаас хамаарна. Сүлжээнд компьютерийг хооронд нь холбож байрлуулахдаа хязгаарыг нь тооцох хэрэгтэй. Сүлжээг зохион байгуулах хэд хэдэн байрлал буюу загвар байдаг. Үүнийг сүлжээний топологи гэх ба энэ нь түүний геометр хэлбэр буюу бие биетэйгээ харьцах (хоорондын) физик тал юм. Топологи нь Грекээр topos буюу байр гэсэн үг. 2.1 Стандарт загвар Standard topology Сүлжээний стандарт топологийн 3 хэлбэр байдаг буюу бүх сүлжээнүүд гурван үндсэн загвараар тодорхойлогддог. 1. Star (Одон холболт) 2. Ring (Цагираган буюу тойрог) 3. Bus (Шугаман буюу баазын холболт). Star. Хэрэв комьютерүүд төв компьютерээр эсвэл Hub-аар холбогдсон байрлалтай бол star топологи болно. Энэ үед сүлжээн дэх бүх компьютер hub руу холбогддог. Сүлжээний компьютерүүдийг холбогч гол цөм нь Hub юм. Hub-н нэг портонд холбосон кабелийн нөгөө үзүүр компьютер дэх сүлжээний адаптер руу холбогддог. Хэрэв төв hub ажиллахгүй юм уу төв комьютерт саатал гарсан үед сүлжээ ажилладаггүй. Star нь сүлжээний хамгийн өргөн ашиглагддаг топологи юм. Энэ сүлжээнд UTP төрлийн кабелийг хэрэглэдэг. Ring topology Нэг компьютерийг дараагийн компьютертэй холбохдоо кабелийг шууд шулуун шугамаар тойрог хэлбэрээр холбоход үүссэн сүлжээний байрлалыг ring загвар гэнэ. Сүлжээний компьютер, төхөөрөмжүүд ар араасаа холбогдон цагираг хэлбэрийг үүсгэдэг. Сүлжээн дэх нэг компьютер 2 тал руугаа 2 төхөөрөмж эсвэл компьютертэй кабелиар залгаатай байна гэсэн үг юм. Энд тодорхой холболтын цэг гэж байхгүй. Компьютерүүдийн хооронд мэдээлэл дамжихад сигналууд нь чиглэлийн дагуу эргэлдэн явагдана. Bus topology Нэг кабель дээр сүлжээний бүх компьютер, төхөөрөмжүүд ар араасаа цуваа байдлаар холбогддог загварыг Bus гэнэ. Bus нь компьютерийг дугаарлаж байрлуулан холбосон шугаман, нэг кабелийн сегменттэй. Энд шина гэж нэрлэгдэх нэг дамжуулагч сувгийг хэрэглэх ба энэ нь үндсэндээ бол coaxial кабель юм. Сул тал нь нэг кабель тасалдахад л сүлжээ бүхэлдээ унана. Бүх компьютерүүдийг ямар ч хамаагүй байрлуулсан ч дамжуулалт нь адилхан хаягаар очих замтай. Тэдгээр хаягуудыг компьютерт зааж өгнө. Сүлжээний ажиллах зарчим нь автобустай ижил учраас bus гэж нэрлэсэн байдаг. Автобус нь тодорхой нэг чиглэлийн шугаманд явж зорчигчдыг буудал дээр буулгаж, суулгадаг шиг bus бүтцийн сүлжээнд өгөгдөл дамжуулахад сүлжээний бүх компьютерүүд тухайн өгөгдөл аль компьютер лүү илгээгдсэнийг шалгадаг. Ингээд хүлээн авах компьютер нь өгөгдөл авахад бэлэн байгаагаа мэдэгдэж хариу өгдөг бол бусад компьютерүүд нь мэдээлэлд хариулахгүйгээр хэрэгсэхгүй орхидог. 2.2 Сүлжээний зохион байгуулах бусад загварууд Mesh topology Mesh загвар. Mesh сүлжээний байрлал бусад сүлжээг бодвол тэсвэртэй, илүү өндөр өртөгтэй. Энэ байрлалын компьютерүүд өөрийн сүлжээний бусад бүх компьютертэй нэг бүрчлэн холбогддог. Төвөгтэй хэлбэр дүрстэй. Техник хангамжийн талаас кабель илүү ихийг шаарддаг учир үнэ өртөг ихтэй байдаг. Mesh байрлал сүлжээний аль ч хэсэгт шууд хандах боломжийг бүх компьютерт олгодог. Star bus загвар Star bus загвар нь star ба bus байрлалын нэгтгэсэн хэлбэр юм. Bus-ын байрлалд байгаа hub-уудад компьютерүүдийг star хэлбэрээр холбоход star bus загвар үүснэ. Star ring загвар Star ring загвар нь одон хэлбэрийн холболттой боловч сүлжээний сигнал нь ring хэлбэрээр дамждаг. Түүнээс гадна нэг компьютер ажиллахгүй бол сүлжээний дамжуулалтанд нөлөөлнө. Гадны зарим hub-ууд дотоод hub-тай холбогдож болно. Энэ тохиолдолд дотоод ring нь өргөснө. 2.2 Сүлжээний HUB Hub нь сүлжээний дамжуулалтыг зохицуулагч, тухайн сүлжээний компьютерүүдийг өөртөө холбогч, тэдгээрийн хоорондын мэдээлэл дамжуулах сигналыг хуваарилагч төхөөрөмж юм. Hub нь сүлжээний хэд хэдэн узелийг холбох ерөнхий төв бөгөөд дохиог тогтсон дүрмийн дагуу удирдах удирдлагыг гүйцэтгэдэг. Дотоод сүлжээний гол төхөөрөмж нь Hub юм. Ихэнх Hub-ууд 4 эсвэл 8, 16, 32 тооны компьютерүүдийг холбох холболтын үүрнүүдтэй байдаг. Түүнээс магистрал кабель руу гарах гаралтууд байдаг. Одоо 16, 32 портын Hub өргөн хэрэглэгдэж байна. Hub, concentrator гэж нэг төхөөрөмжийг нэрлэдэг бөгөөд зөвхөн гүйцэтгэх үүргээрээ ялгаатай. Нэг технологитой сүлжээний узелийг холбож буй төхөөрөмжийг Hub гэдэг. Ялгаатай сүлжээний архитектуртай узелиудыг холбож буй төхөөрөмжийг concentrator гэнэ. Сoncentrator нь өөртөө холбогдсон бүх узельд сигнал явуулдаг. Илүү боловсронгуй concentrator нь сигналыг тогтоосон дүрмийн дагуу сонгож дамжуулах боломжтой. Бусад үүрэг нь түүний дотоод зохион байгуулалтаас хамаардаг. Hub нь нөгөө талаас сүлжээг салаалах, сүлжээний сигналыг өсгөх зориулалт бүхий төхөөрөмж юм. Энэ нь голдуу Star бүтцийн сүлжээнд хэрэглэгддэг бөгөөд гол үүрэг нь сигналыг өсгөх явдал юм. Уг төхөөрөмжийн Repeater-с ялгагдах онцлог нь олон порттой явдал юм. Портын тоо нь олон байдаг учраас multi-port repeater гэж нэрлэх нь ч явдал бий. Аль нэг портоор нь орж ирсэн сигнал бусад портуудаар өсгөгдөөд гардаг. Дотоод сүлжээнд hub-г ашигласнаар сүлжээн дэх нэг кабель, компьютер ажиллахгүй үед бусад компьютерүүддээ нөлөөлдөггүй сайн талтай. Hub-ийг ажиллах хэлбэр холболтын хувьд 3 ангилна. Үүнд : - Active /идэвхтэй / - Passive /идэвхгүй / - Hubrid /эрлийз/. Идэвхтэй hub Сүлжээнд суулгасан hub-уудын аль нэгний давамгай байдлыг харгалзан идэвхтэй hub гэж нэрлэнэ. Ихэнхдээ идэвхтэй hub нь найм эсвэл түүнээс олон порттой заримдаа multiport хэлбэрийнх байна. Идэвхгүй hub Сүлжээний холболтонд оролцсон боловч тухайн үед ажиллагүй байгаа hub-ыг Passive буюу идэвхгүй hub гэнэ. Hubrid hubs /эрлийз hub/ Кабелийн ялгаатай төрлүүдийн холболттой бол эрлийз hub болно. Hub-ийг ажилд бэлдэхдээ дагалдаж очсон тог бууруурлагчаар дамжуулан шугамын 220В-д холбоно. Hub нь сүлжээний кабель холбох RJ-45, hub хооронд холбох RJ45 Uplink, BNC стандарт бүхий портуудтай. RJ45 портууд руу сүлжээний кабелийн нэг үзүүрийг холбож, кабелийн нөгөө үзүүрийг компьютерийн системийн хайрцагт байрлах сүлжээний карт руу холбоно. 2 Hub-г хооронд нь холбож байгаа тохиолдолд Uplink үүрийг ашиглана. Нэг Hub–ийнхаа Uplink–т сүлжээний кабелаа залгаад нөгөө үзүүрийг нь нөгөө Hub-ийнхаа Uplink-ээс өөр дурын үүрэнд холбох хэрэгтэй. Uplink–ийг ашиглаж байгаа үед хамгийн сүүлийн дугаар бүхий үүрийг хоосон орхих хэрэгтэй. Аль нэгэн төхөөрөмжийг холбохдоо болгоомжтойгоор зөв порт руу холбох ёстой. Залгуурын шүднүүдийг нь хүчилж дарах, далий хийх, буруу порт руу залгах зэргээс болж нугарах, хугарах тохиолдол гардагийг санах хэрэгтэй. Сүлжээний кабелийг HUB болон сүлжээний картнаас салгахдаа кабелийн толгой дээрх түгжээг нь дарж байж татах ёстой. Hub-ыг хананд бэхэлж, тоосноос болон хүний хөлнөөс холхон байлгах хэрэгтэй.
No comments:
Post a Comment